Амьтныг задлан шинжлэхийн тулд алж хөнөөж, хичээл сургалтын туршилтанд ашиглах нь утга учиргүй хэрэг юм. Амьтанд хор хөнөөл учруулалгүй ашиглах орчин үеийн шинэлэг олон арга бий бөгөөд олон их дээд сургуульд ийм арга ашигладаг болжээ.

Амьтанд хор хөнөөл учруулалгүй ашиглах ёс зүйлэг сургалтанд илүү үр дүнтэй, сургалтын зорилгод илүү нийцсэн арга хэрэглэх болсон. Компьютерийн технологи улам бүр хөгжсөнөөр виртуаль байдлаар дэлгэц дээр задлан шинжилгээ, туршилт хийдэг лабораториас эхлээд бүрэн виртуаль орчинд клиникийн ажиллагааг бодит мэт мэдрүүлж, үзүүлэх хүртэл олон боломжийг бий болгосон. Клиникийн чадвар, мэс заслын дадлага хийхэд ашигладаг орчин үеийн сургалтын хэрэгслийн дотор бичил мэс заслын загвар, хиймэл эрхтэн, хариу үйлдэл үзүүлэх механизм бүхий бараг жинхэнэ мэт манекен ордог болсон. Өөр нэг арга нь сайн дураар туршилтад оролцох хүсэлтэй оюутан дээр компьютертэй холбоотой туршилтын аппарат ашиглан мэдрэл/булчингийн өдөөлт хийдэг арга дээр үндэслэсэн.

Ёс зүйлэг сургалтанд амьтан оролцуулж болно. Мал эмнэлгийн оюутнууд туршлагатай мэргэжил нэгтнүүдийнхээ бодит өвчтөн үзэж, эмчлэх клиникийн ажилд тусалснаар өвчтнийг асарч сувилах, амьдралыг үнэлж хүндлэх зэрэг клиникийн өргөн хүрээтэй чадвар олж авдаг. Тэгэхэд амьтан дээр хийдэг туршилт нь амьтныг нэг удаагийн хэрэгсэл мэт ашиглаад хаяж болно гэж тэдэнд ойлгуулдаг. Биологийн оюутнууд амьтдыг байгаль дээр амьдардаг орчинд нь огтолж зүсэхгүйгээр судалбал амьтны зан төлвийн талаар лабораторид амьтан дээр туршилт хийдгээс хамаагүй илүү их зүйл олон мэднэ. Анагаах ухааны оюутнууд хандивын цогцос дээр задлан хийдэгтэй адил мал эмнэлэг, биологийн оюутнууд өвчнөөр буюу ослоор үхсэн мал, амьтны цогцсон дээр ёс зүйлэг задлан хийх боломжтой билээ.

Амьтан алж, түүн дээр туршилт хийх нь оюутан, сурагчдад ёс зүйлэг аргаар зааж болох зүйлээс илүү юм юу ч өгөхгүй. Харин ч амьтан дээр туршилт хийдэг арга нь амьтны амь чухал биш гэсэн ойлголтыг танд суулгаж чадах цорын ганц арга юм. Амьд бодгалийг ашиглаад хаяж болно гэж заалгасан малын эмч, судлаачидтай байхыг бид үнэхээр хүсч байна гэж үү? Амьтдыг байгалиас барьж аваад, бүхэл амьдралынх нь турш тааваараа байх боломж өгөлгүй жижигхэн торонд хорьж, эцэст нь задлангийн тавиур дээр, огтолж хэрчдэг туршилтад оруулан амийг нь хөнөөх зүйтэй гэж үү?

Хэвлэн нийтлэгдсэн судалгаануудаас харахад мэдлэг, чадвар, ёс зүйн ухамсрыг дэвшилтэт, альтернатив аргаар илүү үр дүнтэй олж авч чадна гэдгийг нотолж байна. Оюутан сурагчид ёс зүйн итгэл үнэмшлээ хүчээр зөрчихөд хүрэлгүйгээр, амьтанд хор хөнөөл учруулахгүй ашигладаг сургалтын илүү сайн орчинд суралцах боломжтой билээ. Өөрчлөлтийг авчрах хүч чадал танд бий. Амьтанд хор хөнөөл учруулж ашигладаг аргыг халахад хувь нэмрээ оруулъя гэвэл InterNICHE-д хандана уу. Ёс зүйлэг сургалтыг сонгоцгооё!

Download the leaflet